Анхны “GMIT Hackathon 2024” амжилттай болж өндөрлөлөө
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд Төслийн менежмент хичээлийнхээ хүрээнд Дэлгэрэнгүй
Герман улсад оюутан солилцоогоор яваад ирсэн нэг семестр надад богино хугацаанд олон зүйлийг ойлгуулж мэдрүүлсэн чухал цаг үе байлаа. “DAAD TNB” тэтгэлэг миний хувьд хөгжингүй улс оронд хэсэг хугацаанд оюутны хувиар амьдрангаа, тухайн улсын ард иргэдийнх нь соёл, үзэл бодлыг орчинд нь ойлгож мэдэх гайхалтай боломжийг олгосон тэтгэлэг байсан. Ялангуяа Герман болон өөр улсын оюутнуудтай багаар ажиллан, хамтдаа суралцан найзууд болцгоосон нь юмсыг өөр өнцгөөс харж сурахад минь хамгийн их нөлөөг үзүүлсэн. Суралцахын хажуугаар ойролцоох улс орон, хотууд руу аялсан нь маш гоё дурсамж, сэтгэгдэл үлдээсэн. Аялж байхдаа Монгол улсад минь байсан ч болоосой гэж бодогдсон, үлгэр жишээ авахуйц олон зүйл тааралдсан болохоор цаашдаа улс орноо хөгжүүлэхэд өчүүхэн ч гэлтгүй өөрийн хувь нэмрээ оруулах юм сан гэсэн бодол төрсөн. Энэ хугацаанд бие биедээ хань болж, урам дэм өгч, тусалж байсан ангийн найзууддаа, мөн ийм сайхан боломжийг олгосон сургуульдаа маш их баярлалаа.
Тэтгэлэг бол миний хувьд санхүүгийн дарамтгүйгээр, өөрийгөө хөгжүүлэх боломж юм. ХБНГУ-д улсад суралцах тэтгэлгийн талаар 1-р курсдээ сонсоод шалгууруудад нь бэлдэж эхэлсэн бөгөөд 4-р курст ДААД-ТНБ тэтгэлгээр Фрайбергийн Техникийн Их Сургуульд суралцсандаа маш их сэтгэл хангалуун байна. Энэхүү тэтгэлэг надад нөлөөлсөн шиг, бусад оюутнуудад илүү хичээнгүйлэн суралцах, өөрийгөө олон талаар хөгжүүлэх нэгэн сэдэл болно гэдэгт итгэлтэй байна.
“Инженер хүмүүс бол давтамжтайгаар хөгжүүлэлт хийж байдаг мэргэжилтэй. Өөрсдийн мэдлэг боловсрол, амьдарч буй газар, хүрээлэн буй орчин, технологи зэргийн чанарыг дээшлүүлж байх нь инженер бидний үүрэг гэж боддог. Үүнтэй уялдан манай сургуулийн нэг онцлог бол оюутнуудаа технологийн хөгжлийн арвин түүхтэй ХБНГУ-д зуны сургалт болон нэг улирал суралцуулахаар илгээж, соёл технологийн харьцуулсан мэдлэгийг олгодог. Би Герман улсын Фрайбергийн их сургуульд оюутан солилцоогоор очиж суралцсан. Тэр хугацаандаа инженерийн зөөлөн чадваруудаас гадна, ирээдүйн амьдралд хувь хүн талаасаа сайн бэлдэж чадсан гэж бодож байна. Тус хот нь оюутнууддаа ээлтэй, их сургуулийн хотхон хот бөгөөд хамгийн анхны уул уурхайн сургууль гэдгээрэй алдартай. Германы Эрдмийн Солилцооны Албаны тэтгэлгийг хүртсэндээ маш их баяртай байна. МГТИС дээр ч, Фрайбергийн их сургуульд ч оюутнууд өөрсдөө хичээвэл бүх төрлийн хөгжих боломж нээлттэй байдаг гэдгийг хэлмээр байна.”
Миний хувьд МГТИС-д суралцсанаар бие дааж амьдрахад илүү их суралцсан гэж бодож байна. Сургуулийнхаа дотуур байранд амьдарснаар өдрийг үр дүнтэй өнгөрөөж, өөртөө илүү зарчимтай болж , олон төрлийн хүмүүстэй харьцсанаар хүнтэй хэрхэн зөв харьцах, хэрхэн биеэ зөв авч явах зэрэг ур чадваруудад суралцсаар байна. МГТИС-д олгодог ДААД-ТНБ тэтгэлгээр ХБНГУ-д суралцах үедээ Герман улсын соёлтой танилцаж, Монгол улсаа хэрхэн хүндээ ээлтэй орон болгож хөгжүүлэх талаар нилээн бодож тунгаасан. Эх орондоо инженер мэргэжлээр суралцаж цаашид Герман болон Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн диплом аваад, мэргэжлээ дээшлүүлэн сурч хөгжих олон боломжууд нээлттэй байгаа гэдэгт би бат итгэлтэй байна.
"Оюу толгой" ХХК-д дадлага хийсэн маань миний хувьд их том туршлага болсон, Байгаль орчны хэлтэст 5 сар гаруй хугацаанд ажилласнаар өдөр тутмын мониторинг нөхөн сэргээлтийн гэх мэт ажлуудад оролцон, мэдлэг чадвар хуримтлуулахаас гадна Монголын урдаа барих хамгийн том уурхайн үйл ажиллагааны нэгэн хэсэг болж, хамт олны дунд биеэ авч явж сурах зэргээр олон талаар өөрийгөө хөгжүүлэх боломж олдсонд маш их талархаж явдаг.
Манай сургуулийн эрхэм зорилго бол Герман стандартын дагуу чадварлаг инженерийг бэлтгэх явдал билээ. Тиймээс, мэргэжлийн олон улсын болон үндэсний чадварлаг Доктор, Профессорууд бидэнд сонирхолтой байдлаар лекц, семинараа ордог. Бидний мэдлэгт тус болох хими, физик, боловсруулалтын лабораториуд болон номын сан ч бий.Урам зоригоор дүүрэн хүмүүстэй нэгэн дээвэр дор амьдарч, бас суралцаж байгаадаа би туйлын их баяртай байдаг.
Манай сургуулийн оюутнуудад клубийн үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулах боломж бий. Клубт хамрагдах нь мэдлэгээ тэлэх, сонирхлоо хөгжүүлэх, бусад оюутнуудтай танилцах гээд ач тустай тал олонтой. Нэгдүгээр курсээсээ хойш кино болон амьд хөгжмийн клубийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Анх эхэлснээс хойш маш их ахиц гаргасан. Энэ хугацаанд манай Оюутны зөвлөл болон сургуулийн зүгээс их дэмжлэг үзүүлдэг. МГТИС-д өөрийн гэсэн санаачилгатай хэн бүхнийг үргэлж дэмжиж байдаг.
Манай сургуулийн ихэнх профессорууд Германд сурч, ажиллаж байсан, өөрийн салбартаа мэргэшсэн хүмүүс. МГТИС бидэнд эдгээр чадварлаг профессоруудаас ихийг суралцах боломжийг бүрдүүлж өгдөг. Тэдний заах арга барил, харах өнцөг харьцангуй өөр. Жишээ нь, тэд аливаа зүйлийг өөрөөр тайлбарлаж өгдөг ба чиний өмнө сонсож байгаагүй үг хэллэг хэрэглэх нь олонтаа. Энэ мэтийн соёлын ялгаанаас суралцах зүйл их бөгөөд хожим нь чамд гадаадад гүнзгийрүүлэн суралцах, эсвэл гадаад хүмүүстэй хамтран ажиллах тохиолдолд ихээхэн хэрэг болно